Сайдын суудал горилогчид нойргүй хонож байна

Унасан бөхөд шалтаг хэрэгтэй. Засгийн газрын тэргүүн сайн дураараа өөрийн хүсэлтээр огцроход ч бас шалтаг хэрэгтэй. Тэр нь шаахай эсвэл цүнх юу ч байж болно. Ямартай ч арав орчим сарын өмнө ам тангараг өргөж, хурдтай хөгжлийн төлөө зориг гаргаж хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргаж, улсын их баяр наадмын өмнөх өдөр шөнөжин хуралдаж, үүр цүүрээр МАН, АН, ХҮН намаас томилогдсон сайд нар тангаргаа өргөж байлаа.

УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтрахгүй л бол ажил урагшлахгүй, хууль эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэхгүй, олон жил гацсан мега төслүүд урагшлахгүй гэж байсан МАН-ынхан хэлсэн үгнээсээ буцаж, хэрэг зоригоосоо ухарлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү найз охиндоо үнэтэй бэлэг сэлт, брэндүүд бэлэглэж, сүйн бөгж өгөхдөө “Сэвэн нуга” амралтын газрыг бүтнээр нь түрээсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нь олны шүүмжлэлийг дагуулж, орлогоо нотлохыг шаардсан иргэд төв талбайд жагсаж байна.

Ерөнхий сайд болоод түүний хүүг орлогоо нотлохыг шаардсан шаардлагын хариуд хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэрийг МАН-ын бага хурлаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахаар болсон. Уг шийдвэрийг гурван намын даргад танилцуулна гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсоор танилцуулсан зүйл алга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Нэгэнт МАН-ы бага хурлаас шинэ Засгийн газар байгуулж, хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахаар шийдвэрлэсэн учраас Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болж өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой болсон юм.

Хааны суудал халаатай гэдэг. Ирэх өдөр байхад явах өдөр ч бий. Дайрч гарснаас тойрч бултсан нь үгүй. Цагтаа шударга ёсыг тогтоох тэмцлийг толгойлж М.Энхболдыг суудлаас нь унагахын тулд өвлийн идэр есийн хүйтэнд жагсаж байхдаа “Байнгын хорооны ч дарга болохгүй” гэж мэдэгдэж явсан Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш Ерөнхий сайдын тамгыг атгаж байна.

Leave a Reply to admin Cancel reply

Maxnews.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс